
Урамшуулал үүсгэх
Та дэлгүүрийнхээ бараанд хямдрал, урамшуулал зарлаж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. Ямар урамшуулал зарлахаа шийдэхэд Shop AI туслах бөгөөд таны бараа, борлуулалтад тохирох урамшууллыг санал болгоно.
Урамшуулал үүсгэхдээ app.shop.mn админ хэсэг эсвэл Shop.mn Merchant апп-д өөрийн эрхээр нэвтэрсэн байна.
Анхаарах: Урамшуулал цэс нь зөвхөн Ultimate болон түүнээс дээш багцад үйлчилнэ.
Урамшуулал цэс харагдахгүй байвал Бусад хэсгээс Нэмэлт боломжууд руу орж Урамшуулал унтраалгыг асаана.

Асаасны дараа Урамшуулал цэс гарч ирнэ. Урамшуулал цэсийг сонгоод Урамшуулал үүсгэх товчийг дарна.

1. AI-аар урамшууллын санал авах
Ямар урамшуулал зарлах вэ? хэсэгт юу хүсэж байгаагаа бичнэ. Жишээлбэл, "Хамгийн их борлуулалттай бараандаа 7 хоногийн хямдрал зарлах". Зорилго, хугацаа, хэмжээгээ сонгоод Санал авах товчийг дарна.
AI таны бараа, борлуулалт, одоо байгаа урамшууллыг харж дөрвөн санал бэлдэнэ. Санал авахад AI кредит зарцуулахгүй.
Мөн доорх жишээнүүдээс сонгож болно: Агуулах чөлөөлөх, Борлуулалт нэмэх, Шинэ худалдан авагч, Захиалгын дүн өсгөх, 2 авбал 1 үнэгүй.

Санал болгосон урамшууллуудаас таалагдсанаа Сонгох товчлуур дарж сонгоно. Урамшууллын мэдээлэл автоматаар бөглөгдөх ба хүссэнээрээ засаж болно.

2. Урамшууллын төрлөө өөрөө сонгох
AI-ын санал ашиглахгүй бол Эсвэл өөрөө сонгох хэсгээс урамшууллын төрлөө сонгоно:
Бүх бараа хямдруулах: дэлгүүрийн бүх бараанд ижил хувийн хямдрал
Сонгосон бараа, ангилал хямдруулах: тодорхой бараа эсвэл ангилалд хямдрал
X авбал Y: 2 авбал 1 үнэгүй гэх мэт
Үнэгүй хүргэлт: тодорхой дүнгээс дээш захиалгад
Захиалгын дүнгээс хямдрал: захиалгын нийт дүнгээс хувиар эсвэл дүнгээр
Купон код: кодоор идэвхждэг хямдрал
3. Урамшууллын мэдээлэл оруулах
Урамшууллын нэр: Жишээлбэл, "Өвлийн хямдрал".
Хямдрал: Хувиар, Дүнгээр эсвэл Үнэгүй хэлбэрийн аль нэгийг сонгоод хэмжээг оруулна. Жишээлбэл, 20%.
Бараа: Хамрах бараа хэсгийн Нэмэх товчоор хямдрал үйлчлэх бараа эсвэл ангиллаа сонгоно. Хямдрал үйлчлэхгүй бараагаа Хасах бараа хэсэгт нэмж болно.
Хугацаа: Эхлэх болон дуусах огноо, цагаа оруулна. Хоосон орхивол урамшуулал шууд эхэлж, дуусах хугацаагүй үргэлжилнэ.
Баруун талын Үнийн жишээ хэсэгт 3 хүртэл бараа сонгоод урамшуулал үйлчилсний дараах үнийг шалгаж болно.

4. Нэмэлт тохиргоо
Энэ хэсгийг тохируулах нь заавал биш. Нэмэлт тохиргоо дээр дарахад дараах сонголтууд нээгдэнэ:
Хэрэглэх арга: Автомат (нөхцөл хангасан захиалгад шууд үйлчилнэ) эсвэл Код (худалдан авагч код оруулж идэвхжүүлнэ)
Доод тоо ширхэг, доод үнийн дүн: хамрах бараа энэ тоо, дүнд хүрсэн үед урамшуулал үйлчилнэ
Нийт ашиглах тоо, худалдан авагч тус бүрийн ашиглах тоо
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэд: зөвхөн нэвтэрсэн худалдан авагч ашиглах боломжтой
Бусад хямдралтай давхардана: бусад хямдралын дараах буурсан үнэ дээр нэмж үйлчилнэ
Хямдрал тооцох үнэ: Үндсэн үнэ эсвэл Хямдралтай үнээс тооцно
Урамшууллын хуудастай: урамшуулалд хамаарах бараа дэлгүүр дээр тусдаа хуудсанд харагдана

Урамшууллын хуудас үүсгэх
Энэ тохиргоог ашиглах нь заавал биш. Урамшууллаа дэлгүүр дээрээ тусдаа хуудсаар онцолж харуулах бол Нэмэлт тохиргоо хэсгийн Урамшууллын хуудастай унтраалгыг асаана. Асаахад дараах талбарууд нээгдэнэ:
Хуудасны нэр: дэлгүүр дээр харагдах нэр. Жишээлбэл, «Black Friday».
Холбоос: хуудасны хаяг. Жишээлбэл, black-friday гэж оруулбал хуудас demo.shop.mn/c/black-friday хаягаар нээгдэнэ. Энэ холбоосыг сошиал болон имэйл, SMS-ээр шууд хуваалцаж болно.
Баннер зураг: хуудасны дээд хэсэгт харагдах зураг. 900 × 400 пиксел хэмжээтэй байвал зохино.

Урамшуулал үүсгэсний дараа дэлгүүрийн цэсэнд урамшууллын хуудас нэмэгдэнэ. Хуудсан дээр урамшууллын нэр, урамшуулал дуусах хүртэлх хугацаа (өдөр, цаг, минут, секунд), Бүгдийг харах товч болон Хямдралын аянд хамрах бүтээгдэхүүн хэсэгт хямдралтай бараанууд харагдана.

5. Урамшуулал үүсгэх
Мэдээллээ бүрэн оруулсны дараа Үүсгэх товчийг дарна. Таны үүсгэсэн урамшуулал Урамшуулал удирдах хэсэгт харагдана. Тэндээс урамшууллаа засах, түр зогсоох боломжтой.

Мөн Shop.mn Merchant аппааар урамшууллаа гар утаснаасаа үүсгэх боломжтой. Видео заавар: https://www.youtube.com/watch?v=kCE2YgOd8Gc
Ингээд та хүссэн урамшууллаа үүсгэж чаддаг боллоо! 🥳